Аялал

Яагаад чинээлэг аялагчид гар урлал сурч эхлэв?

Аяллын үнэ цэн эд зүйлд бус зарцуулсан цаг хугацаа, бүтээсэн дурсамжид оршиж байгаа хэрэг.

Сүүлийн үед инстаграм болон тикток дээрх аяллын постууд #Skillcation, #CreativeRetreat, #SlowTravel гэх мэт хаштаг түгээмэл харагдах болжээ. Үүний зэрэгцээ сошиал орчинд гараар бүтээсэн зүйлсийн тухай контентын эрэлт өсөж, засварласан зургаас илүү бодит, хүний хөдөлмөр шингэсэн бүтээлүүд анхаарал татах болжээ. Vogue сэтгүүлд онцолсноор залуу үеийнхэн сүлжих, нэхэх, керамик урлах, жигнэх зэрэг уламжлалт хоббиг дахин сонирхож эхэлсэн нь зөвхөн загварын салбарт бус аялал жуулчлалын чиг хандлагад ч нөлөөлж байна.

 

Энэ өөрчлөлтийн үр дүнд өндөр орлоготой аялагчид дурсгалын дэлгүүрээс бэлэг худалдаж авахын оронд ваар урлах, сүлжих, арьсан эдлэл хийх, модон урлал сурах зэрэг сургалтуудыг сонгох болжээ. Аяллын салбарын шинжээчид энэхүү чиг хандлагыг “craft-led travel” буюу гар урлалд суурилсан аялал хэмээн нэрлэж байна.

Ийм бүтээлч байдлыг аяллын хөтөлбөрүүд ч гол хэсэг болгож эхэлжээ. Тухайлбал, Италийн Тоскана мужийн дарсны эдлэн газрууд, Японы уламжлалт гар урлалын тосгон, Мароккогийн нэхмэлийн сургалтуудад ч ажиглагдаж байна. Аялагчид тухайн газрын түүх, соёлыг дан ганц музей үзмэрээр дамжуулах бус, өөрсдийн гараар бүтээж үзэх замаар мэдэрдэг болсон гэсэн үг.