Бельгийн сюрреалист зураач Рене Магриттын “L’Ami de l’ordre” нэртэй бүтээл Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан Modern Evening Auction дуудлага худалдаагаар 45.5 сая ам.доллароор зарагдлаа. Ингэснээр түүний алдартай малгайтай эрэгтэйн дүрслэл бүхий бүтээлүүдээс дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн нь энэ болов.
Дуудлага худалдааны эцсийн алхыг дуудлага худалдаа хөтлөгч Хелена Ньюман буулгасан бөгөөд уг бүтээл Магриттын уран бүтээлийн зах зээл дэх үнэ цэнийг дахин тодотголоо.


Магриттын бүтээлүүдэд давтагдан гардаг хар малгайтай эрэгтэйн дүр бол модерн урлагийн хамгийн танигдсан дүрслэлүүдийн нэг юм. Тэрээр нэг талаас нэргүй, энгийн хүнийг төлөөлөхийн зэрэгцээ нөгөө талаас зураачийн өөрийнх нь дүр төрхийг илэрхийлдэг. Харин “L’Ami de l’ordre” бүтээлээрээ Магритт бидний дасал болсон бодит байдлыг өөр өнцгөөс харуулж, харагдаж буй зүйл болон түүний цаадах утгын заагийг эрэлхийлжээ.



















