Үнэт эдлэл
Тансаг хэрэглээний илэрхийлэл болсон өнгөт чулуу
Францын алдарт үнэт эдлэлийн ордон өнгөт чулууг бүтээлийн гол санаа болгож иржээ.
Австралийн Үндэсний Викториа Галерей (NGV)-д үргэлжилж буй CARTIER үзэсгэлэнгийн кураторууд Миранда Уоллес, Аманда Дансмор нар өнгөт эрдэнийн чулуу, чулууны зүсэлт болон үнэт эдлэлийн урлалыг Cartier брэндийн гол санаа болж байгаааг онцоллоо.


Францын тансаг зэрэглэлийн үнэт эдлэл, цагны Cartier брэндийн Мельбурн дахь үзэсгэлэнд 400 орчим үнэт эдлэл, цаг, түүхэн баримт бичиг багтжээ. Үүнээс 300 шахам бүтээл өмнө нь Австралид огт дэлгэгдэж байгаагүй онцгой үзмэрүүд аж.
Сүүлийн жилүүдэд дэлхийн өндөр зэрэглэлийн үнэт эдлэлийн зах зээлд цагаан алмаазаас гадна маргад, бадмаараг, индранил, спинель, турмалин зэрэг өнгөт эрдэнийн чулуу эрэлттэй болжээ.


Үзэсгэлэнд олон зуун каратын хэмжээтэй өндөр зэрэглэлийн маргад, бадмаараг, индранил чулуугаар урласан бүтээлүүд, өнгөний зохицлыг эрхэмлэсэн Tutti Frutti цуглуулга, нэг төв чулууг онцлон хүрээлсэн минималист загварууд, мөн байгалийн өнгөний ялгарал дээр тулгуурласан орчин үеийн үнэт эдлэлүүдийг толилуулж байна.


Cartier-ийн захирал Пьер Райнеро өнгөт чулуу бүрийн өнгө, тунгалаг байдал, зүсэлтийн онцлог нь бүтээлийн дизайныг тодорхойлох бөгөөд чулуугаа дагаж дизайн бий болдог нь бидний олон арван жилийн уламжлал гэдгийг тайлбарласан байна.




















